Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурыг цэвэрлэх хоёр сарын аян эхэлнэ

2026-06-19 18:001min
20260619-180043-file.jpeg
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурыг цэвэрлэх хоёр сарын аяныг зургаадугаар сарын 22-ноос наймдугаар сарын 13-ны хооронд зохион байгуулна. Аянд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, нутгийн иргэд оролцоно.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурыг цэвэрлэх аян эхлүүлэх шийдвэр гарсныг өчигдөр мэдээллээ. Энэ хүрээнд зургаадугаар сарын 22-ноос наймдугаар сарын 13-ны хооронд Хөвсгөл нуурын эргэн тойрныг цэвэрлэх хоёр сарын аяныг зохион байгуулах юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо хэлэхдээ, “Төрийн тахилгатай нуур болно гэдэг нь зөвхөн зан үйл биш, төр Хөвсгөл нуураа хамгаалалтад авч байгаа төрийн дээд түвшний шийдвэрийн процесс юм” гэжээ. Тэрбээр энэ жилийн зургаадугаар сарын 22-ноос наймдугаар сарын 13-ны хооронд нуурын эргэн тойрныг иж бүрэн байдлаар цэвэрлэх аяныг зарлаж байгааг онцлов.

Хөвсгөл нуур нь 136 км урт, хамгийн өргөн хэсэгтээ 40 км бөгөөд тус нуураас Эгийн гол эх авдаг байна. Төрөөс хамгаалалтад авч байгаа учраас Хөвсгөл нуур болон Эгийн голыг тойрсон нийт 800 км газар нутгийг цэвэрлэхээр төлөвлөж байна.

Цэвэрлэгээний аяныг төрийн болон төрийн бус байгууллагууд, Хөвсгөл нуурын эргэн тойронд үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл, нутгийн иргэд зэрэг нийт 1,000 орчим хүн оролцон зохион байгуулах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч байгалиа хамгаалах чиглэлд манлайлж оролцох ёстой гэж үздэг бөгөөд Хөвсгөл нуур нь дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг эзэлж, Монгол Улсын цэвэр усны нөөцийн 75 хувийг бүрдүүлдэг чухал нуур гэдгийг Э.Золбоо онцлов.

Хөвсгөл нуурыг тахих төрийн ёслолыг наймдугаар сарын 2-нд хийхээр төлөвлөсөн бөгөөд үүний өмнө наймдугаар сарын 1-нд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, нуурын эргэн тойронд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн бохир усны асуудал болон төр, хувийн хэвшил, ТББ-уудын хамтын ажиллагааны талаар шийдвэр гаргах юм.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Ж.Сандагсүрэн хэлэхдээ, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар ус гол мөрөн хамгаалах зургаан төсөл хэрэгжиж байна. Үүнд Хөвсгөл нуур, Ганга мөрөн, Өгий нуур, Бумбатын рашаан, Хэрлэн гол, Хэлтгий цагаан нуур орно. Эдгээр төслүүд нь нэг удаагийн бус урт хугацааны тогтвортой хамгаалалтыг зорьж байна” гэжээ.

Усны газрын дарга З.Батбаяр өмнөх жилүүдэд Хөвсгөл нуурын ёроолоос тээврийн хэрэгслийг татан гаргаж хамгаалалт хийсэн бол энэ удаад эргийн хамгаалалтад онцгой анхаарч байгааг мэдээлэв. Нуурын эргээс 100-150 метрийн радиусад цэвэрлэгээ хийх нь микро пластик болон бусад химийн бодисын бохирдлоос сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хөвсгөл нуурыг хамгаалах нь Дэлгэрмөрөн, Эг, Сэлэнгэ мөрнөөр дамжин Байгаль нуур хүртэлх бүс нутгийн экологийн тэнцвэрийг хадгалах олон улсын ач холбогдолтой үйлс гэж үзэж байна.