Ерөнхий сайд Н.Учрал татварын шинэчлэлийн хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэв

2026-06-19 16:001min
20260619-160039-file.jpeg
Ерөнхий сайд Н.Учрал эдийн засгаа дэмжих зорилгоор татварын шинэчлэлийн хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлж, цалингийн татварыг бууруулах, ААН-ийн татварын ачааллыг хөнгөвчлөх зохицуулалтуудыг танилцууллаа.

Ерөнхий сайд Н.Учрал олон улсын эдийн засгийн хурцадмал нөхцөл байдлаас үүдэн эдийн засгаа идэвхжүүлэх, хувийн хэвшил болон аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор холбогдох хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлж байгааг онцлов.

Тухайлбал, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 792 мянган төгрөг хүртэлх цалингийн хувь хүний орлогын албан татварыг тэглэхээр төлөвлөжээ.

Мөн 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс 792 мянган төгрөгөөс 2 сая төгрөг хүртэлх цалингийн хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулах юм.

2.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой 180 мянга орчим аж ахуйн нэгжийн татварын ачааллыг нэг хувь болгох санал тусгасан байна.

Цалингийн шатлалыг нэмэгдүүлснээр жилийн 36 сая хүртэл орлоготой иргэдийн 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах хувь хүний орлогын албан татварыг бүрэн чөлөөлөхөөр тусгажээ.

6-10 тэрбум төгрөгийн ашигтай аж ахуйн нэгжүүд 15 хувийн татвар төлөх дундын шатлал нэмэгдсэнээр 600 гаруй аж ахуйн нэгжийн татварын ачаалал буурах юм.

Татвар төлөгчдийн өртэй холбоотойгоор дансыг бүрэн хаахгүй, орж ирсэн мөнгөн хөрөнгийн 30 хувийг дансанд нь үлдээх зохицуулалт хийгдэхээр байна.

Компанийн өрийн алдангийн лээл хэмжээ 50 хувиас хэтрэхгүй байх зохицуулалт орно.

ААНОАТ болон хувь хүний орлогын албан татварын тайланг тушаах хугацааг сунгаж, оновчтой болгох, мөн тайлан залруулах хугацааг хоёр жил хүртэл сунгах санал дэвшүүлжээ.

НӨАТ төлөх хугацааг хоёр сар хүртэл сунгах зохицуулалт хийгдэх юм.

Иргэний өмч, үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос авдаг хоёр хувийн татварыг цуцалж, 2027 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Цаашид татварын эрсдэлийг цахим системээр үнэлж, эрсдэлтэй татвар төлөгчдөд сануулга өгч, урьдчилан сэргийлэх, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах тогтолцоонд шилжихээр төлөвлөсөн нь татварын албаны хяналт шалгалтын тоог бууруулах, татвар төлөгчдийн хүндрэл, зөрчлийн тоог багасгах үр дүнтэй гэж үзэж байна.

Татварын хууль тогтоомжид шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулах зорилгоор Сангийн яам, татвар, гаалийн байгууллага, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Улсын Их Хурлын Тамгын газар хамтран улс орон даяар давхардсан тоогоор 11,000 гаруй татвар төлөгчийг хамруулсан 150 удаагийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, 176 мянга орчим санал хүлээн авсан байна.

Хэлэлцүүлгийн явцад татвар, гаалийн байгууллагаас татвар төлөгчдийг татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, татварын өр барагдуулах үйл ажиллагааг уян хатан болгох зэрэг саналуудыг нийтлэг байдлаар ирүүлжээ.