Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын Какао банкны удирдлагуудтай уулзав

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох “Какао банк”-ны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Даниел Юн болон тус банкны удирдлагуудтай албан уулзалт хийв.
“Какао банк”-ны төлөөлөгчид Монголын анхны дижитал банк болох МБанк-тай хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг танилцуулж, БНСУ-д нэвтрүүлж буй дижитал банкны шийдлийг Монголын зах зээлд нэвтрүүлэх боломжийг судалж байгаагаа мэдээлэв.
Уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Монголбанк гадаадын банк, санхүүгийн байгууллагуудын орчин үеийн дэвшилтэт үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэх үйл явцыг дэмжиж, хэрэглэгчдэд илүү боломж олгох бодлого баримталж байгаагаа илэрхийлэв.
Мөн шаардлагатай хууль эрх зүйн орчинг сайжруулах, зохицуулалт болон дэмжлэгийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаагаа онцлов.
Уулзалтаар талууд хоёр улсын эдийн засгийн нөхцөл байдал, санхүүгийн салбарын дижитал шилжилт, төлбөрийн системийн хөгжил, хиймэл оюун ухаан болон санхүүгийн технологийн чиг хандлагын талаар мэдээлэл солилцов гэж Монголбанк мэдээлэв.
