Электрон тамхийг тамхи гэх нэр томьёонд оруулж, онцгой албан татварт хамруулахыг дэмжив

2026-06-18 20:001min
20260618-200034-file.jpeg
НЭМҮТ тамхины хяналтын тухай хуулийг батлуулахыг дэмжиж, электрон тамхийг тамхи гэх нэр томьёонд оруулан онцгой албан татварт хамруулах шаардлагатайг онцлов.

Нийгмийн эрүүл мэндийн төв /НЭМҮТ/-өөс “Бүх төрлийн тамхи хортой” сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, тамхины хяналтын тухай хуулийг батлуулахыг эрүүл мэндийн салбар дэмжиж байгааг мэдээлэв.

НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих алба /ЭМДМА/-ны дарга С.Гэрэлмаа электрон болон янжуур тамхи хоёулаа ялгаагүй хортой болохыг онцоллоо. Монгол Улсад 5 хүн тутмын 1 нь тамхи татдаг бөгөөд жил бүр тамхины хэрэглээнээс үүдэлтэйгээр ойролцоогоор 4,300 хүн нас бардаг байна. Нас баралтын 72 хувь нь 70 наснаас өмнөх буюу цаг бусын нас баралт байгаа аж.

Тамхи татаж эхэлж буй нас дунджаар 13 настай бөгөөд бага наснаасаа тамхи татах нь өвчлөлд өртөх насыг эрт болгодог гэж С.Гэрэлмаа тэмдэглэв. Тэрбээр 13 наснаасаа тамхи татсан бол 23 насандаа хорт хавдар болон зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл өндөр болохыг дурдав.

Судлаач Л.Дэлгэрзул бүх төрлийн тамхи дотроо хортой бодистой гэдгийг хэлж, тамхины утаа агаарт гарч бусад бодисуудтай урвалд орж хавдар төрүүлэгч бодис үүсгэх боломжтойг судалж байгааг онцлов. Тэрбээр электрон тамхинаас ялгарч буй бодисуудын 60-70 хувь нь агаарт цацагддаг тул өрөө, тасалгаанд электрон тамхи татахыг хориглох шаардлагатай гэж мэдэгдэв.

Анагаах Ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү электрон тамхины сорох хэмжээ өдөрт өндөр байгаагаас бодисын тун, донтолт илүү өндөр байгааг онцолжээ. Гаалиар орж ирж байгаа электрон тамхинд агуулагдах никотины хэмжээ 3-6 хувьтай бөгөөд энэ нь энгийн янжуур тамхины никотины хэмжээнээс өндөр байна.

Тэрбээр электрон тамхи нь иргэд, ялангуяа өсвөр үеийнхнийг донтуулах эрсдэлтэй бөгөөд зарим төрлийн мансууруулах бодисын шинжтэй бодисууд электрон тамхины шингэнд орж ирсэн гэж анхаарууллаа. Тамхины татварыг 60 хувьд хүргэхээр тооцоолсон бөгөөд энэ хуулийг батлуулахгүй бол Монгол Улсад эмгэнэлтэй үр дагавар гарахыг сануулсан юм.

Иймд Монгол Улсад зохицуулагдаагүй байсан электрон тамхийг “тамхи” гэх нэр томьёонд оруулж, онцгой албан татварт хамруулах хуулийг батлуулахыг эрүүл мэндийн салбар дэмжиж байгаагаа илэрхийллээ.