Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлэв.
Улсын Их Хурал Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсантай холбогдуулан тус холбооны таван гишүүн орноос тамхи, тамхин бүтээгдэхүүн гаалийн албан татваргүй орж ирэх нөхцөл бүрдсэн байна. Энэ нөхцөлд гаалийн албан татварыг тэглэж, оронд нь онцгой албан татвар авах зохицуулалтыг хуульд оруулах зорилгоор уг төсөл боловсруулагджээ. Ингэснээр бусад улс орноос импортлогддог тамхи, тамхин бүтээгдэхүүний татвартай тэгш нөхцөл бүрдүүлэх юм.
Мөн Улсын Их Хурал 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 117 дугаар тогтоол баталсан бөгөөд уг тогтоолоор тамхи, тамхин бүтээгдэхүүний гаалийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулан татвар, төсөв, нийгэм, эдийн засаг, нийтийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судалж, шаардлагатай хууль тогтоомжийн төслийг Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг даалгасан байна.
Худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийн хүрээнд тамхи, тамхин бүтээгдэхүүний өртөг буурч, зах зээлийн үнэ хямдрах, хэрэглээ нэмэгдэх, улмаар улсын төсвийн онцгой албан татварын орлого буурах эрсдэлтэй гэж төсөл санаачлагчид үзжээ. Тиймээс хуулийн төсөлд тамхи, тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татварыг хосолсон хэлбэрээр ногдуулах, мөн үнэд суурилсан татварын хувь хэмжээг тодорхойлон зохицуулалтыг тусгасан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
