ЦЕГ: Оюу толгойн баяжмал тээврийн замыг хаасан иргэдийг Зөрчлийн хуулиар шалгаж байна

2026-06-18 13:001min
20260618-130025-file.jpeg
2026 оны 6 дугаар сарын 17-нд Эрс шинэчлэл хөдөлгөөний иргэд Оюу толгойн баяжмал тээврийн замыг хаасны улмаас Цагдаагийн байгууллага Зөрчлийн тухай хуулиар шалгалт явуулж байна.

2026 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Эрс шинэчлэл хөдөлгөөний н.Энхбат тэргүүтэй найман иргэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Оюу толгой баяжмал тээвэрлэлтийн замын 84 дэх километр уулзварыг 09:00 цагаас хаасан байна.

Энэхүү хууль бус үйлдэлтэй холбогдуулан Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч, Ханбогд сумын Засаг дарга, Цагдаагийн газрын даргаар ахлуулсан бүрэлдэхүүн Эрс шинэчлэл хөдөлгөөний иргэдэд хууль бус үйлдэл гаргаж байгааг анхааруулж, мэдэгдэл, шаардлага өгч, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Баяжмал тээвэрлэлтийн замыг 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 21:00 цагт бүрэн чөлөөлж, хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг сэргээсэн байна.

Монгол Улсын иргэд үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн жагсах эрхтэй ч замын хөдөлгөөнийг хаах, иргэдийн зорчих эрх болон хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахыг хууль хориглодог болохыг анхаарууллаа.