Прокурорын байгууллага мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн судалгаа, арга хэмжээний үр дүнг танилцууллаа

2026-06-10 22:001min
20260610-220040-file.jpeg
Прокурорын байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн судалгаа, арга хэмжээг хэрэгжүүлж, 2026 оны тавдугаар сарын байдлаар 104 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Прокурорын байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг тогтмол судалж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд дээрх төрлийн гэмт хэргийн талаарх мэдээллийг судалж, Тагнуулын байгууллага болон Хар тамхитай тэмцэх албатай хамтран энэ оны эхэнд “Хар тамхи, мансууралтай тэмцэх үр нөлөөг дээшлүүлэх” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

Хэлэлцүүлгийн үр дүнд олон улсын гэрээ, конвенц, эрх зүйн зохицуулалт, хууль хэрэглээ, шүүхийн практик, мөрдөн шалгах ажиллагааны нотолгооны шаардлага, байгууллагуудын хамтын ажиллагаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах зэрэг зөвлөмж гаргасан байна.

Зөвлөмжийн хэрэгжилтийн үр дүнд 2026 оны тавдугаар сарын байдлаар прокурорын байгууллага нийт 104 хэргийг шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 31.6 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт 193 хүнийг яллагдагчаар татсан бөгөөд тэдний 55 хувь нь 18–30 насныхан, 38 хувь нь 31–44 насныхан, 20 хувь нь эмэгтэйчүүд байна гэж мэдээлэв.