Баянзүрх, Хан-Уул, Их тойруу орчмын дулаан дамжуулах шугамд гэмтэл гарч халуун ус тасарлаа

Өнгөрсөн шөнийн 23 цагийн орчимд Баянзүрх, Хан-Уул дүүрэг болон Их тойруу орчмын дулаан дамжуулах шугамд гэмтэл гарсан байна. Үүний улмаас эдгээр бүс нутгуудад хэрэглээний халуун ус тасарчээ.
Дулааны цахилгаан станц-4-ийн зуух зогссон ч инженерүүд ажиллан засвар хийж, бүрэн ажиллагаанд оруулсан байна. Гэвч дулаан дамжуулах сүлжээнд гарсан гэмтлийн улмаас хэрэглээний халуун ус тасалдсан хэвээр байгаа аж.
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ны инженерийн мэдээлснээр, гарсан гэмтлийг засах зорилгоор тодорхой байршлуудад хэрэглээний халуун усны хязгаарлалт хийжээ. Одоогоор Баянзүрх дүүрэгт гарсан гэмтлийг засаж, халуун усыг нь өгөх гэж байна. Их тойруу орчмын гэмтлийг өнөөдрийн дотор засаж, хэвийн болгох төлөвтэй байна. Харин Хан-Уул дүүргийн орчмыг маргаашийн дотор засаж, хэрэглээний халуун усаар хангахаар төлөвлөж байна.
