Хувийн сургуулийн сургалтын төлбөрийн ил тод байдлыг сайжруулах тушаал гарлаа

2026-06-10 20:001min
20260610-200035-file.jpeg
Боловсролын сайдын тушаалаар хувийн сургуулийн сургалтын төлбөр тогтоох, өөрчлөх үйл ажиллагааг ил тод болгож, эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан мэдээлэх, гэрээний үндсэн дээр зохицуулах зохицуулалтыг баталлаа.

Боловсролын сайд 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдөр А/119 дүгээр тушаал гаргаж, суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, сургалтын төлбөртэй холбоотой харилцааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах шаардлагыг бүрдүүллээ.

Сүүлийн жилүүдэд хувийн сургуулийн тоо болон суралцагчдын эзлэх хувь нэмэгдэж, сургалтын төлбөр жил бүр нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Гэвч сургалтын төлбөр нэмэгдүүлэх хугацаа, үндэслэл, мэдээлэх арга хэлбэр сургуулиудад харилцан адилгүй байгаагаас эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсэх, үл ойлголцол, маргаан гарах нөхцөл бүрдэж байна.

Тушаал нь төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын төлбөр тогтоох, өөрчлөх үйл ажиллагааг ил тод болгох, эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан мэдээлэх, сургалтын төлбөрийн зохицуулалтыг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх, суралцагчийн эрх ашгийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.

Тушаалаар сургалтын төлбөр болон нэмэлт үйлчилгээний хураамжид өөрчлөлт оруулах үндэслэл, тооцооллыг хичээлийн жил эхлэхээс өмнө танилцуулах, төлбөрийн шийдвэрийг мэдээллийн систем болон цахим хуудсаар нийтэд мэдээлэх, төлбөрийг хэсэгчлэн төлөх боломжийг гэрээгээр зохицуулах, шинээр элсэгч болон үргэлжлүүлэн суралцагчийн суудал баталгаажуулах урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байх зохицуулалтыг тусгасан.

Мөн суралцагчийг элсүүлэх, шилжүүлэх, сургуулиас гарахтай холбоотой төлбөрийн нөхцөлийг гэрээнд тодорхой тусгах, сургалтын байгууллагын албан тушаалтан албан бус нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглосон байна. Эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах гэрээний загварыг шинэчлэн боловсруулж батлах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг холбогдох нэгж, байгууллагуудад даалгасан.

Тушаал хэрэгжсэнээр сургалтын төлбөр болон бусад хураамжийн мэдээллийг тогтоосон хугацаанд нийтэд мэдээлэх, төлбөр нэмэгдүүлэх тохиолдолд үндэслэл, зардлын бүтэц, шаардлагыг ил тод танилцуулах, суралцагч сургууль шилжих, гарах үед төлбөр буцаан олгох нөхцөл, журмыг мөрдөх, эцэг эх, асран хамгаалагчид мэдээлэл өгөх, санал авах ажиллагаа тогтмолжих, сургалтын төлбөртэй холбоотой маргаан, үл ойлголцол буурах, боловсролын үйлчилгээний ил тод байдал сайжрах боломж бүрдэнэ.

Тушаал нь хувийн сургуулиудын сургалтын төлбөр тогтоох эрхэд халдахгүй бөгөөд төлбөрийн талаарх мэдээллийг нээлттэй, ойлгомжтой хүргэх, суралцагч болон эцэг эхийн мэдээлэл авах эрхийг хангахад чиглэж байна. Ингэснээр боловсролын байгууллагын хариуцлага, ил тод байдал нэмэгдэж, эцэг эх, асран хамгаалагчид сургалтын төлбөртэй холбоотой шийдвэрийг урьдчилан мэдэх, төлөвлөх боломжтой болно.