Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэгдэв

Манай улсад одоогоор 135 мянга гаруй иргэн 4-5 аж ахуйн нэгжийн дэргэдэх хувийн тэтгэврийн санд нийт 80 гаруй тэрбум төгрөг хуримтлуулсан байна. Гэвч энэхүү салбарыг зохицуулах эрх зүйн орчин одоогоор бүрдээгүй байна. Үүнийг зохицуулах Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр хэлэлцэв.
Хуулийн төсөл нь Үндсэн хууль, олон улсын гэрээ болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн 11 бүлэг, 49 зүйлтэйгээр боловсруулагдсан байна. Хэрэв батлагдвал иргэд хуримтлалаасаа нэмэлт тэтгэвэр авах хугацаа, хэмжээг өөрөө сонгож, хөдөлмөрийн чадвараа алдах эрсдлийг урьдчилан даатгуулах боломжтой болох юм. Мөн нас барсан тохиолдолд хувийн тэтгэврээ өвлүүлэх эрхтэй болно.
Тэтгэврийн сангуудын хөрөнгө өсөх нь урт хугацааны дотоодын хөрөнгө оруулалтын томоохон эх үүсвэрийг бий болгож, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна. Үүний зэрэгцээ ажил олгогчид чадварлаг ажилтныг тогтвортой ажиллуулах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой болж, байгууллагын хүний нөөцийн бодлогыг дэмжих ач холбогдолтой. Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо одоогийн тэтгэвэр авагчдад сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Одоогийн байдлаар ажилтан, ажил олгогч тус бүр Нийгмийн даатгалын санд нийт 17 хувийн шимтгэл төлдөг бөгөөд үүнээс 8.5 хувь нь тус бүрийн хувь юм. Тэтгэврийн даатгалын сан жилд 590.1 тэрбум төгрөг төвлөрүүлж, 877 тэрбум төгрөг зарцуулдаг бөгөөд жил бүр 312 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна.
Тэтгэврийн тогтолцоог улсын төсвөөс санхүүжүүлдэг суурь тэтгэвэр, нийгмийн даатгалын шимтгэлд суурилсан уламжлалт тэтгэвэр, мөн хувийн нэмэлт тэтгэвэр гэсэн давхаргуудтайгаар хөгжүүлэх нь зүйтэй гэж үздэг.
Дэлхийн нийт хөрөнгө оруулалтын 46 хувь нь тэтгэврийн сангаас бүрддэг бөгөөд энэ нь урт хугацааны томоохон төслүүдийг санхүүжүүлэх үндсэн эх үүсвэр болдог байна.
