Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид Э.Анарыг нэр дэвшүүлэв

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Э.Анарыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, нэр дэвшигчийн сонсголыг 2024 оны тавдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Сонсголыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Жавхлан удирдан явуулна.
Э.Анар нь УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү бөгөөд төв банкны системд олон жил ажилласан, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн боловсон хүчин юм. Монголбанк 2023 оны арванхоёрдугаар сараас хойш Тэргүүн дэд ерөнхийлөгчгүй ажиллаж байгаа бөгөөд өмнө нь уг албан тушаалыг хашиж байсан Г.Дөлгөөн 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр ажлаасаа чөлөөлөгдсөн юм.
Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд өмнө нь Монголбанкны Тамгын газрын дарга асан Ж.Батхуягийн нэр яригдаж байсан ч төв банкны системд олон жил ажилласан, туршлагатай хүнийг томилох нь зүйтэй гэж үзэн Э.Анарыг нэр дэвшүүлжээ.
Э.Анарын ажлын туршлагад Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал, Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал, Хяналт шалгалтын газрын Зайнаас хяналт тавих хэлтсийн хянан шалгагч, Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн нөөцийн мэргэжилтэн зэрэг албан тушаал орно.
Тэрбээр Японы Хакүо их сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг, АНУ-ын Колумбын их сургуульд Төрийн захиргаа, удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна.
