ҮЦХ-д Францын ₮25 тэрбумын түр байгууламжийг угсарчээ

Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд (ҮЦХ) наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болох Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээнд 196 орны 8,000-10,000 орчим зочин, төлөөлөгч оролцох бөгөөд газрын доройтол, бэлчээрийн тогтвортой менежмент, усны нөөцийн хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд суурилсан шийдлүүдийг хэлэлцэх юм.
Хурлын бэлтгэл ажлын хүрээнд цахилгаан, ус хангамж, ариутгах татуургын угсралт болон шилэн кабель холболтын ажил бүрэн дууссан байна. Авто зам, зогсоолын байгууламж барих ажил 80 хувьтай үргэлжилж, баруун зогсоолын өнгө хучилтыг хийж байна. Дугуйн замын ажил 98 хувьтай гүйцэтгэсэн бөгөөд гадна тохижилтын хүрээнд 100 ширхэг мод шилжүүлэн суулгах, есөн нэр төрлийн 4,500 мод тарих ажлыг хэрэгжүүлж байна.
Нийслэлийн зүгээс COP17 хурлын 12 түр байгууламжийн угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр Франц улсад төвтэй “GL Events Live” компани ажиллаж, туслан гүйцэтгэгчээр “НБИК” болон ”LIRI групп” компаниуд оролцсон байна. Гадна барилга угсралтын ажил дууссан бөгөөд эдгээр байгууламжийг нэгдсэн хуралдаан, албан ёсны хэлэлцээ, сайд нарын болон өндөр түвшний уулзалт, бүс нутгийн болон хороодын хуралдаан, зэрэгцээ арга хэмжээ, хэвлэл мэдээлэл, үзэсгэлэн, оролцогчдын хоол хүнс, үйлчилгээний үйл ажиллагаанд ашиглах юм гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс мэдээлэв.
