Монгол Улс шатрын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч Аркадий Дворкович, Казахстан Улсын Шатрын холбооны Ерөнхийлөгч, “Freedom Holding Corp”-ын Үүсгэн байгуулагч бөгөөд Гүйцэтгэх захирал Тимур Русланович Турлов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Монгол Улсад анх удаа Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг зохион байгуулж буй нь олон улсын оюуны спортын хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгааг онцлов. Тэрбээр цаашид олон улсын хэмжээний оюуны спортын тэмцээн, арга хэмжээг тогтмол зохион байгуулах, залуу шатарчдыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ илэрхийллээ.
Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч Аркадий Дворкович Монгол Улс шатрын спортыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгааг сайшааж, ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт шатрын хичээлийг нэвтрүүлэх нь хүүхэд, залуусын хөгжлийн хувьд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Уулзалтаар мөн хөрөнгө оруулалтын орчин, банк, санхүүгийн салбарын шинэчлэлийн талаар санал солилцсон байна. Ерөнхий сайд Монгол Улс банк, санхүүгийн салбарын эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлж, гадаадын банк, санхүүгийн байгууллагуудыг зах зээлд нэвтрүүлэх, хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгааг танилцууллаа.
“Freedom Holding Corp”-ын Үүсгэн байгуулагч бөгөөд Гүйцэтгэх захирал Тимур Русланович Турлов Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлж, банк, санхүүгийн салбарын гадна дэвшилтэт технологи, цахим хөгжил, харилцаа холбоо, инновацийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлах хүсэлтэй байгаагаа онцлов.
