Нас барсан иргэдийн 1072 хувьцааг өв залгамжлагчдад шилжүүлэх журам хэрэгжиж эхэллээ

2026-06-05 13:011min
20260605-130124-file.jpeg
2026 оны 6 дугаар сарын 1-нээс нас барсан иргэдийн 1072 хувьцааг хууль ёсны өв залгамжлагчдад шилжүүлэх журам хэрэгжиж эхэлсэн бөгөөд ногдол ашгийг 2027 оны 6 дугаар сарын 1-нээс шилжүүлж эхэлнэ.

Нас барсан иргэдийн 1072 хувьцааг хууль ёсны өв залгамжлагчдад шилжүүлэх, түүнд оногдох ногдол ашгийг шилжүүлэх Засгийн газрын тогтоол 2026 оны 6 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ.

Нас барсан иргэний ар гэрийнхэн дараах журмаар үйл ажиллагаа явуулна. Нэгдүгээрт, Үнэт цаасны төв хадгаламжийн төвийн 158989 тусгай дугаарт нас барсан иргэний регистрийн дугаарыг кирил том үсгээр бичиж илгээхэд тухайн иргэний 1072 хувьцааны үлдэгдлийн мэдээллийг авна. Ингэснээр хэдэн хувьцаа эзэмшиж байгааг тодорхойлно.

Хоёрдугаарт, ойр байрлах нотариатад хандаж нас барсан иргэний хувьцаа болон түүнд ногдох ногдол ашгийн мэдээллийг авах боломжтой.

Нотариатчдын танхимаас иргэний мэдээлэлд үндэслэн “Өв залгамжлалын гэрчилгээ”-г цахим системд байршуулна. Үүний дараа Үнэт цаасны төв хадгаламжийн төвөөс өвлөгдөж буй хувьцаа болон ногдол ашгийг хууль ёсны өвлөгчийн үнэт цаасны дансанд бүртгэж баталгаажуулна. Бүртгэл, баталгаажуулалтын тухай мэдээллийг И-Монголиа системээр иргэдэд хүргэнэ.

Анхаарах зүйл нь, 1072 хувьцааг өвлөн авах эрх 2026 оны 6 дугаар сарын 1-нээс нээгдэнэ. Гэхдээ ногдол ашгийг өвлөх хүсэлт гаргаснаас хойш нэг жилийн дараа буюу 2027 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ. Учир нь тухайн нас барсан иргэний хувьцааг эзэмших эрх бүхий өөр иргэн 2026 оны 6 дугаар сарын 1-нээс хойш хүсэлт гаргаж болох бөгөөд 2027 оны 6 дугаар сарын 1-нийг хүртэл хүсэлт гаргаагүй бол татгалзсан гэж үзэн ногдол ашгийг хүсэлт гаргасан иргэдийн дансанд шилжүүлэх юм.

Насанд хүрээгүй хүүхэд нас барсан тохиолдолд 1072 хувьцааг хүсэлтийн дагуу эцэг, эхэд нь өвлүүлж, ногдол ашгийг шууд эцэг эхэд шилжүүлнэ. Учир нь хүүхдийн хувьд эцэг, эх нь хууль ёсны өв хүлээн авагч гэж үзнэ гэж нотариатчид мэдээлэв.