Нийслэл түрээсийн мопед, скүүтерийн үйл ажиллагааг хуульд нийцүүлэн зохицуулна

2026-06-05 11:001min
20260605-110039-file.jpeg
Авлигатай тэмцэх газрын шаардлагын дагуу нийслэлийн Засаг даргын түрээсийн мопед, скүүтерийн захирамжийг хүчингүй болгож, хууль тогтоомжид нийцүүлэхээр болсон тухай мэдээлэл гарлаа.

Авлигатай тэмцэх газрын шаардлагын дагуу нийслэлийн Засаг даргын 2026 оны А/387, А/552 дугаар захирамжийг 2026 оны зургадугаар сарын 2-ны өдрийн А/820 дугаар захирамжаар хүчингүй болголоо. Авлигатай тэмцэх газраас түрээсийн мопед, скүүтерийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хууль тогтоомжид нийцүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргад холбогдох албан бичгийг хүргүүлсэн байна.

Албан бичигт зорчих чиглэл, замын маршрутыг тодорхой болгох, зөвшөөрлийн асуудлыг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэх, 18 нас хүрээгүй иргэдийн ашиглах боломжийг хязгаарлах, явган хүний замаар зорчуулахгүй байх техникийн шийдэл нэвтрүүлэх, бүртгэлжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүйн байдлыг бүрэн хангах зэрэг шаардлагыг тусгасан байна.

Эдгээр нөхцөл, шаардлагыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлсний дараа түрээсийн мопед, скүүтерийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.