Загас агнах, барих хугацаа 2026 оны зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-06-05 09:001min
20260605-090028-file.jpeg
Амьтны тухай хуулийн дагуу загасны үржлийн үеийн агнах, барих хорио 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдөр дуусаж, ахуйн зориулалтаар загас агнах зөвшөөрлийг цахимаар авах боломжтой боллоо.

Амьтны тухай хуулийн дагуу загасны үржлийн үеийн агнах, барих хорио 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдөр дуусна.

Ахуйн зориулалтаар загас агнах, барих зөвшөөрлийг www.ezagas.mn цахим системээр дамжуулан өөрийн байршлаас цахимаар авах боломжтой юм. Зөвшөөрөл авахдаа аймаг, сум, байршил, агнах загасны төрөл, тоо хэмжээг зөв сонгож, зөвшөөрөлд заасан хугацаа, байршил, тоо хэмжээг чанд мөрдөх шаардлагатай.

2026 онд ахуйн зориулалтаар Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудад загас агнах, барих боломжтой.

Загас агнах, барихдаа дараах зохицуулалтыг мөрдөх ёстой. Үүнд: ахуйн зориулалтаар загас агнах, барих зөвшөөрлийг заавал авч, зөвшөөрөлд заасан хугацаа, байршил, төрөл, тоо хэмжээг чанд мөрдөх; хориглосон хугацаа, бүс нутагт болон хориотой арга хэрэгслээр загас агнах, барихгүй байх; ахуйн зориулалтаар загас барихдаа тор хэрэглэхгүй байх; буу, бамбар, цахилгаан гүйдэл, хаалт, хашилга, гувчуур, гэрэлтүүлэх зэрэг хориглосон арга, хэрэгсэл ашиглахгүй байх; гол, мөрөнд бүх төрлийн завиар загасчлахгүй байх; гол, нуурын эрэг орчмын хог хаягдлыг цэвэрлэж, байгальд үлдээхгүй байх; гал түймрийн эрсдэлээс сэргийлж ил гал гаргахгүй, голын эрэг, ой, бургас бүхий газарт хог, үнс нурмаа үлдээхгүй байх.

Зөрчил илэрсэн тохиолдолд орон нутгийн байгаль хамгаалагч, сумын Засаг даргын Тамгын газар, байгаль орчны хяналтын байгууллагад мэдээлэхийг зөвлөж байна.

Загасны нөөц нь нөхөн сэргэх хугацаа шаарддаг байгалийн үнэт баялаг тул иргэн бүр хууль тогтоомжоо мөрдөж, зөвшөөрөлтэй, хариуцлагатай загасчлалыг хэвшүүлэн, гол, нуурын экосистем, загасны нөөцийг хамгаалахад хамтран оролцохыг уриалж байна.

Эх сурвалж: Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам