Мансууруулах бодистой холбоотой хэрэгт 4 эмэгтэй ял шийтгүүлжээ

Прокурорын байгууллагаас 2026 оны тавдугаар сарын байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой 104 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, 149 хүнд холбогдуулан шүүхэд шилжүүлжээ.
Нийслэлийн прокурорын газраас 2026 оны тавдугаар сарын 25-наас 29-ний өдрүүдэд 4 эмэгтэйд холбогдох 2 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Шүүхээс 3 хүнд 2 жил 6 сараас 8 жил 6 сарын хорих ял, 1 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ. Ял шийтгүүлсэн 4 хүн нь 26-28 насны эмэгтэйчүүд байна.
Л.Д (26 настай) болон Х.Н (28 настай) нар нь Турк Улсад амьдарч буй иргэнтэй бүлэглэн 239.4 грамм метамфетамины агууламжтай “мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 2023 оны 7 дугаар сарын 3-нд Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон.
Мөн Л.Д нь шалгагдаж байх хугацаандаа Б.Х (26 настай)-тэй хамтран 2024 оны 11 дүгээр сарын 21-нд “мөс” гэх бодисыг өөртөө хэрэглэхээр хадгалсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Л.Д, Х.Н нарыг хилээр сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах гэмт хэрэгт буруутай гэж үзэж, Х.Н-д 5 жил 6 сарын хорих ял оноосон байна. Л.Д, Б.Х нарыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, хадгалсан хэрэгт буруутай гэж үзэж, Б.Х-д зорчих эрхийг 1 жил хязгаарлах ял оноосон бөгөөд Л.Д-г нийт 8 жил 6 сарын хорих ялтай болгож шийдвэрлэсэн.
Ц.А (27 настай) нь 2025 оны 5 дугаар сарын 24-нд метамфетамины агууламжтай “мөс” гэх бодисыг хууль бусаар олж авсан, мөн 27-нд гэртээ хадгалсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Ц.А-г худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт буруутай гэж үзэж, 2 жил 6 сарын хорих ял оноосон байна.
