Монгол, Беларусийн ноос боловсруулах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо

2026-06-04 17:011min
20260604-170138-file.jpeg
Монгол, Беларусийн ноос боловсруулах салбарын технологи, үйлдвэрлэлийн туршлагыг солилцож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн Евразийн зах зээлд нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар тохиролцлоо.

Беларусийн “Камволь” үйлдвэрт ажиллаж, ноос боловсруулах салбарын дэвшилтэт технологи, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа. 1955 онд байгуулагдсан тус үйлдвэр нь жилд 4 сая гаруй метр ноосон болон хагас ноосон даавуу үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд түүхий ноосноос эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүрэн үйлдвэрлэлийн циклтэй юм. Үйлдвэр нь цэвэр ноосон болон хагас ноосон костюм, пальто, дүрэмт хувцасны даавуу үйлдвэрлэн, бүтээгдэхүүнээ ОХУ, Казахстан, Турк зэрэг 30 гаруй улсад нийлүүлдэг.

Монгол Улс ноосны арвин нөөцтэй орон тул ийнхүү технологи, үйлдвэрлэлийн туршлагыг нутагшуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улс жилд 9 мянган тонн ноолуур, 35 мянган тонн ноос, 200 тонн сарлагийн хөөвөр, 1200 тонн тэмээний ноос үйлдвэрлэдэг.

Хоёр улсын эдийн засгийн чөлөөт бүсүүдийг түшиглэн Монгол Улсын самнасан ноос, ноолуур, боловсруулсан арьс ширийг Беларусийн технологиор боловсруулж, Евразийн эдийн засгийн холбооны 180 сая гаруй хүн амтай зах зээлд нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэйгээ Монгол Беларусын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны VIII хуралдааны үеэр илэрхийлсэн.

Мөн Беларусийн Элчин сайд М.С.Орда “Могол ноос” ХХК-д зочилж, Беларусийн компаниудтай хамтран монгол хонины ноос, ямааны ноолуурыг Беларусийн маалингатай холин утас болон бэлэн бүтээгдэхүүн гаргах боломжийг судалж байна. Беларусийн “Оршанский льнокомбинат”-аас 100 кг маалинга илгээсэн бөгөөд дээжийг хүлээн авмагц утас хийхээр төлөвлөж байна.

Цаашид ноос боловсруулах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах болно.