Өрхийн эмнэлэгт 7 төрлийн шинжилгээний багц даатгалаар санхүүжигдэнэ

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх ЭМДҮЗ-ийн 2026 оны 01 дүгээр тогтоолын дагуу даатгуулагч өрх, сумын эрүүл мэндийн төвөөс нийт 84 төрлийн тусламж, үйлчилгээг авах боломжтой болсон.
Энэхүү зохицуулалтын хүрээнд иммуно гематологи болон иммунологийн шинжилгээний багцад багтсан долоон төрлийн шинжилгээг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлж байна.
Тухайлбал, сөрөг резус Д баталгаажуулах шинжилгээ 7000 төгрөг, цусны бүлэг, резус 11000 төгрөг, цусны резус бүлэг тодорхойлох (Rh фактор) 6000 төгрөг, витамин Д нийт 40000 төгрөг, витамин Д3 36000 төгрөг, глюкозжсон гемоглобин 17000 төгрөг, илдэсний С урвалжийн уураг (CRP) электрохимолюминесценц 45000 төгрөгийн үнэтэйгээр даатгалд хамрагдана.
Даатгуулагчид өөрт шаардлагатай тусламж, үйлчилгээгээ шатлал алгасалгүйгээр харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөсөө авахыг зөвлөж байна.
