Төв аймагт ашигт малтмалын хайгуулын цооногийг бөглөж аюулгүй байдлыг хангаж байна

2026-05-31 10:001min
20260531-100022-file.jpeg
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очироор ахлуулсан ажлын хэсэг Төв аймагт ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааны байгаль орчны үнэлгээний хэрэгжилт, хайгуулын цооногийг бөглөж аюулгүй байдлыг хангахыг шалгаж байна.

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очироор ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хэрэгжилт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан хайгуулын цооног, ухсан нүхийг бөглөж, аюулгүй байдлыг ханган нөхөн сэргээсэн эсэхийг шалгаж байна.

Тодруулбал, бага насны хүүхэд 30 метрийн гүн цооногт унаж амиа алдсан Төв аймгийн Заамар сум дахь “Рэдвулкан” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд БОУАӨЯ, ЭБАҮЯ-ны хамтарсан ажлын хэсэг хяналт шалгалт хийжээ. Тус компани байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан ажлыг бүрэн хэрэгжүүлээгүй бөгөөд журамд заасны дагуу дүгнэлт хийлгээгүй, ашиглалтын талбайд хайгуул хийхдээ эрх бүхий байгууллагад мэдэгдэлгүй үйл ажиллагаа явуулсан зөрчил илэрсэн байна.

Мөн хайгуулын өрөмдлөгийн явцад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй, хууль, журмын дагуу зөвшөөрөл аваагүй, үүссэн өрөмдлөгийн нүх, цооногийг булж битүүлээгүйгээс хүний амь нас хохирох эрсдэл үүссэн байна. Аврах ажиллагааны дараа хөндөгдсөн талбай, нөхөн сэргээгээгүй цооногуудыг ажлын хэсгийн бүрэлдэхүүн хааж, аюулгүй болгожээ.

Эдгээр арга хэмжээгээр хүн, мал амьтан, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөллийг бууруулах, зөрчлийг таслан зогсоох, арилгах үйл ажиллагааг шат дараатай авч байна.

Уул уурхайн салбар дахь байгаль орчны менежментийг сайжруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор Ерөнхий сайд энэ сарын 29-нд албан даалгавар гаргаж, холбогдох яам, агентлаг, аймгийн Засаг дарга нарт хүргүүлжээ.

Энэхүү даалгаврын хүрээнд салбарын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу Төв, Баянхонгор, Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн компаниудын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг шалгах чиг үүрэг бүхий гурван ажлын хэсгийг ЭБАҮЯ-тай хамтран байгуулсан байна.