Төгрөгийн хадгаламж 5.5 их наяд төгрөгөөр нэмэгджээ

2024 оны 4 дүгээр сарын эцэст төгрөгийн хадгаламжийн хэмжээ урьдчилсан гүйцэтгэлээр 27.4 их наяд төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 24.9 хувь буюу 5.5 их наяд төгрөгөөр өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, төгрөгийн хадгаламжийн 81.4 хувь буюу 22.3 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 18.6 хувь буюу 5.1 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
Валютын хадгаламжийн хэмжээ мөн 5.6 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувь буюу 347.8 тэрбум төгрөгөөр, өмнөх сарынхаас 2.1 хувь буюу 113.4 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Түүнчлэн, гүйлгээнд гаргасан бэлэн мөнгөний хэмжээ 1.2 их наяд төгрөгт хүрсэн ба 2023 оны мөн үеэс 6.9 хувь буюу 77.9 тэрбум төгрөгөөр өссөн боловч өмнөх сарынхаас нэг хувь буюу 12 тэрбум төгрөгөөр буурсан байна.
