Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд 50 улс оролцохоо баталжээ

2026-05-30 17:001min
20260530-170049-file.jpeg
Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд оролцохоо 50 улс баталж, оролцогчдын бүртгэл 7 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Наадам энэ оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 6-нд Киргиз улсад болно.

Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд оролцохоо 50 улс баталсан талаар тус наадмыг зохион байгуулах асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүн Нурсултан Аденов мэдээллээ.

Тэрбээр 100 улсад урилга илгээснээс одоогоор 50 улс оролцоно гэдгээ мэдэгдсэн бөгөөд оролцогчдын бүртгэл 7 дугаар сарын 1 хүртэл үргэлжлэхийг онцолсон байна. Мөн 95 улсын тамирчид хүрэлцэн ирэх боломжтой гэж таамаглаж байгаагаа илэрхийлжээ.

Киргизийн тал дараагийн наадмыг зохион байгуулах талаар гурван улстай хэлэлцээ хийж байгаа аж.

Дэлхийн нүүдэлчдийн спортын наадам хоёр жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд энэ жил 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 6-ны хооронд Киргиз улсад болно. Наадамд 3 мянга орчим тамирчин оролцож, үндэсний спортын 43 төрлөөр өрсөлдөх юм.

Анхны наадам 2014 онд Киргиз улсын санаачилгаар зохион байгуулагдсан бөгөөд 19 улсын баг тамирчид оролцсон байна. Тухайлбал, Орос, Азербайжан, Австри, Афганистан, Беларусь, Бразил, Герман, Казахстан, Киргиз, Литва, Монгол, АНУ, Тажикистан, Туркменистан, Турк, Узбекистан, Франц, Швед, Өмнөд Солонгос зэрэг орнууд багтжээ.