Монгол Улсын 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2028-2029 оны төсвийн төсөөллийг батлав

2026-05-30 12:001min
20260530-120039-file.jpeg
УИХ 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг баталж, эдийн засгийн өсөлт, инфляцын төсөөллийг танилцууллаа. Эрсдэлүүдийг харгалзан макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг дээд хязгаарт тооцсон байна.

Монгол Улсын Их Хурлаас 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг эцэслэн баталлаа. Хуулийн төсөөллөөр 2027 онд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт 5.8 хувь, 2028-2029 онд 6-6.3 хувь байх төлөвтэй байна. Хэрэглээний үнийн индексийг 2027 онд дунджаар долоон хувь, дараагийн жилүүдэд 6-5 хувь хүртэл буурах гэж тооцжээ.

Төсвийн хувьд 2027 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 34.8 их наяд төгрөг, зарлагын дээд хэмжээ 36.5 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн бөгөөд тэнцвэржүүлсэн тэнцэл 1.7 их наяд төгрөгийн алдагдалтай байх юм. Суурь тэнцэл нь 2.28 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьтай тэнцэхээр тооцогдсон байна.

Мөн Засгийн газрын өрийн дээд хэмжээг ирэх онд дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувьтай тэнцэх буюу 57.1 их наяд төгрөг байхаар баталсан байна. Хуулийн төсөөллийг боловсруулсан үед геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал, түлш шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг эрсдэлүүдийг харгалзан макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг дээд хязгаарт тулган тооцсон байна.

УИХ-ын гишүүд хэлэлцүүлгийн үеэр эрсдэл үүсэх тохиолдолд хариу арга хэмжээ авах боломж хязгаарлагдмал байгааг шүүмжилсэн бөгөөд төсвийн урсгал зардал болон төрийн эдийн засаг дахь оролцоог бууруулахад Засгийн газарт бодитой алхам хийх шаардлагатайг онцолсон юм.

Төсвийн хүрээний мэдэгдлийг ойрх Дорнодын нөхцөл байдал 2026 онд намжиж, 2027 оноос зах зээл хэвийн төлөвт орно гэсэн таамаглалд үндэслэн боловсруулсан ч дунд хугацаанд инфляцын эрсдэл өндөр хэвээр байх бөгөөд төсөв, төлбөрийн тэнцлийн хос алдагдлын мөчлөг эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүйг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл онцолсон байна.