Авлигатай тэмцэх газар хүүхдийн зуслангийн хувьчлалын зөрчилд шалгалт хийж байна

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагийн 2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн удирдамжийн дагуу хүүхдийн зуслангийн өмч хувьчлалын асуудлаар ажлын хэсэг ажиллаж байна.
Ажлын хэсэг нь гэрээний хэрэгжилтийн нөхцөл байдал, хүүхдийн зусланг зориулалтын бусаар ашиглах зөрчлийг арилгах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хүүхдийн эрхийг хангах зорилгоор байгуулагдсан юм.
“Соёл”, “Өлзийт”, “Хандгайт”, “Ундраа” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлал, гэрээний хэрэгжилт, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж байна.
Хяналт шалгалтаар 2007 онд Нийслэлийн өмч хувьчлах комиссын тогтоолоор хувьчлагдсан зарим хүүхдийн зуслангийн хувьчлал хууль журмыг зөрчсөн, гэрээнд заасан хяналтыг хэрэгжүүлээгүй, гэрээ дүгнэсэн баримт материалгүй, зориулалтын дагуу ажиллуулаагүй зэрэг зөрчил илэрснийг тогтоожээ.
Тухайлбал, Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Соёл” хүүхдийн зуслан нь тухайн үед Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтны хамаарал бүхий этгээдийн нэр дээр хууль бусаар хувьчлагдсан бөгөөд гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн, зориулалтын дагуу ажиллуулаагүй байна.
Одоогийн байдлаар “Соёл” зуслангийн байшин, барилга байхгүй бөгөөд Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн А/110 дугаар захирамжаар тус зуслангийн 10 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, газрын эрхийг бусдад шилжүүлэхгүй байх талаар албан шаардлага хүргүүлжээ.
Төв аймгийн Эрдэнэ сумын “Өлзийт” зуслан нь чанарын шаардлага хангахгүй хуучин байшингуудтай, хашаа нь эвдэрсэн тул хүүхдийн зуслангийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
“Хандгайт” хүүхдийн зуслан нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “Улаанбаатар төмөр зам”-ын эзэмшилд оршдог бөгөөд анх 30.6 га байсан газрын хэмжээ одоогоор 19.7 га болж багассан байна.
Тус зуслангийн газраас мод үржүүлгийн болон гэр бүлийн хэрэгцээнд нэр бүхий иргэдэд эзэмшүүлсэн байдалд нарийвчлан шалгалт хийж байна.
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг “Соёл” болон “Өлзийт” зуслангийн хувьчлалыг хүчингүй болгуулах, хууль тогтоомжид нийцүүлэхээр холбогдох албан тушаалтнуудад хандаж, Нийслэлийн өмч хувьчлах комиссын хурлаар дээрх хоёр зуслангийн өмч хувьчлалын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэж мэдээллээ.
