Нас барсан иргэний “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа ногдол ашгийг өвлөгчид шилжүүлнэ

Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшиж байсан нас барсан иргэний хувьцаа болон ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид 2026 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шилжүүлж эхлэхээр боллоо.
Энэхүү шийдвэр нь 2011 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс хойш нас барсан хувьцаа эзэмшигчдэд хамаарна. Хууль ёсны өвлөгч гэдэгт Иргэний хуулиар заасан өвлөгч, нас барах хүртэл хамт амьдарч байсан болон хуульд заасны дагуу хүсэлт гаргасан өвлөгч орно.
Нас барсан иргэний хувьцаа болон ногдол ашгийг өвлөхдөө 158989 тусгай дугаарт нас барсан иргэний регистрийн дугаарыг кирилл том үсгээр бичин илгээж, хувьцааны мэдээллээ шалгана.
Хууль ёсны өвлөгч нь нас барсны гэрчилгээ эсвэл нас барсны бүртгэлийн лавлагааг иргэний бүртгэлийн Нэг цэгийн үйлчилгээнээс авч, тухайн баг, хорооны Засаг даргаас оршин сууж байсан газрын тодорхойлолт болон Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбарыг гаргуулна.
Ээлжийн өвлөгч төрөл садангийн лавлагааг улсын бүртгэлийн байгууллагаас биеэр авч, хүүхэд нь өвлөх тохиолдолд төрсний бүртгэлийн лавлагаа, гэр бүл нь өвлөх бол гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эцэг эх нь өвлөх тохиолдолд төрөл садангийн лавлагаа болон холбогдох баримтуудыг бүрдүүлэн нотариатад хандана.
Хууль ёсны өвлөгч нар өв хүлээн авахаас татгалзах хүсэлтийг нотариатаар баталгаажуулж болно.
Бичиг баримт бүрдсэн тохиолдолд нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ бичиж, Нотариатын цахим системд байршуулах бөгөөд хувьцаа болон ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд цахим хэлбэрээр илгээнэ.
Е Mongolia системээр үнэт цаасны данстай эсэхээ шалгаж, шаардлагатай бол брокерын компанид данс нээнэ.
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хууль ёсны өвлөгчийн дансанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг бүртгэж баталгаажуулна.
Мөн өвлөгч хүсвэл брокерын компаниар дамжуулан ногдол ашгийг өөрийн банкны данс руу шилжүүлэн авах боломжтой.
