Монголбанкны залуу судлаачдын уралдаанд шилдэг бүтээлүүд шалгарчээ

2026-05-26 21:011min
20260526-210126-file.jpeg
Монголбанкны нэрэмжит залуу судлаачдын уралдаанд 200 гаруй судлаач 79 бүтээл ирүүлж, шилдэг долоог шалгаруулжээ. Тэргүүн байранд зэсийн үнийн шок инфляцид үзүүлэх нөлөөг судалсан бүтээл шалгарсан байна.

Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах “Залуу судлаач” уралдаан зохион байгуулагдлаа. Уралдаанд өмнө нь 20-45 судлаач оролцдог байсан бол энэ удаад 200 гаруй судлаач судалгааны 79 бүтээл ирүүлжээ. Эцсийн шатанд долоон бүтээл шалгарч, шилдэгүүдийг тодруулсан байна.

“Зэсийн үнийн шокийн Монгол Улсын инфляцад үзүүлэх хугацааны өөрчлөлттэй нөлөө: Валютын ханш ба мөнгөний бодлогын дамжих сувгийг TVP-VAR-SV загвараар шинжлэх нь” сэдэвт бүтээлээрээ СЭЗИС-ийн оюутнууд М.Давааням, Б.Эрдэнэ-Очир, Б.Насанбуян нар тэргүүн байранд шалгарч, цом болон мөнгөн шагнал хүртжээ.

Хоёрдугаар байрт “Мэдээллийн шок ба төгрөгийн ханшийн богино хугацааны динамик: GDELT өгөгдөлд суурилсан эмпирик шинжилгээ” сэдэвт бүтээлээр МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутнууд Ц.Номиндарь, Г.Намуунцэцэг нар шалгарсан байна.

Гуравдугаар байрт “Динамик багц удирдлагын асуудлыг агент сургалт буюу хиймэл оюун ашиглан шийдэх нь: Дифференциал гүйцэтгэлийн хэмжүүр ашиглах нь” сэдэвт бүтээлээр СЭЗИС-ийн оюутнууд Ш.Түшиг, Б.Төгсбилэг, А.Энхдэлгэр нар шалгарчээ.

Төвбанкны дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс зохион байгуулдаг энэхүү уралдаан нь банк санхүү, эдийн засгийн чиглэлийн оюутнуудын дунд өрсөлдөөн болж, эдийн засаг, статистик, санхүүгийн чиглэлээр судалгаа хийж буй залуусыг дэмжих зорилготой юм.