Спортын бүхий л төрлүүд хүнээс тэсвэр тэвчээр шаарддаг ч эрсдэл ихтэй, хэцүү төрөл бол яах аргагүй уулын спорт. Өрсөлдөгч нь хүн биш байгаль, байгалийн хүнд, хэцүү нөхцөл байдаг учраас тэр л дээ. Тэгвэл дэлхийн түүхэнд уулчдын амь насыг олноор нь авч явсан ослууд олон. Манай улсад гэхэд 2017 онд Отгонтэнгэр хайрхныг зорьсон 27 уулчны 14 нь амиа алдсан харамсалтай үйл явдал болж байсан билээ.
Дэлхийн уулын спортын түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн ослуудын талаарх мэдээллээс товч хүргэе.
Пакистаны Нангапарбатад амиа алдсан уулчдын тоо олон. 1934 онд Германы есөн уулчин энд амиа алдсан бол үүнээс гурван жилийн дараа дахиад л Германы экспедиц авиралт хийх үед цасан нуранги бууж 16 хүн амиа алджээ. 2013 онд мөн л Нангапарбат 11 хүний амийг авчээ.
Тэгвэл 1955 онд Киргизийн Ялалтын оргилд 11 хүн амь эрсэдсэн бол таван жилийн дараа мөн энэ оргилд 10 хүн амиа өгчээ.
Дараагийн том осол 1970 онд Перугийн Юнгай хотын ойролцоох Уаскаран цаст ууланд болж Уанда оргилд авирч байсан Чехословакийн 15 уулчин амиа алджээ.
1972 онд Непалын Манаслу оргил руу авирсан Японы нэг, Солонгосын дөрөв, нутгийн 10 газарчин амиа алдсан байдаг.
1986 онд Пакистаны Чигори оргилыг чиглэсэн 13 уулчин амиа алдсан бол 1990 онд Тажикийн Лениний оргилд 43 хүний амь эрсэджээ. 1993 онд Эквадорын хамгийн өндөр оргил 6268 метрийн өндөртэй Чимборасо руу 10 уулчин авираад амиа алджээ.
1994 онд Непалын Писанг руу авирсан 11 уулчин амиа алдсан бол 1995 онд Энэтхэгийн Каракорумд 13 хүний амь эрсэджээ.
1995 онд Непалын Гокио оргилд 26 уулчин амиа алдсан бол 2004 онд Киргизийн Хан Тэнгэрт 11 хүний амь эрсэджээ. 2005 онд Непалын Кан Гуруд 18 хүн амиа алдсан бол 2014 онд Эверестэд 16 хүний амь, 2015 онд 19 хүн амь эрсэдсэн юм.
2015 оны дөрөвдүгээр сарын 25-нд Непалд хүчтэй газар хөдлөлт болж, Эверестийн хормойд байрласан уулчдын байр цасан нурангид даруулж, 19 хүний амь эрсэджээ.
2014 онд Японы Онтакэ галт ууланд 56 хүн амиа алдсан бол Японы Нагано мужид орших Онтакэ галт уул 2014 онд есдүгээр сарын 27-нд дэлбэрсний дараа уулын хормойноос 56 уулчны цогцос олджээ.