Б.Пүрэвдагвыг нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүллээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны шийдвэрээр МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, Социал Демократ Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг хотын даргад нэр дэвшүүлж, төлөөлөгчдийн 80 хувийн саналаар дэмжсэн байна. НИТХ-аас Б.Пүрэвдагвыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилох тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар тогтлоо.
Б.Пүрэвдагвын боловсролын хувьд 1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар сургуульд суралцаж, 2008-2012 онд МУИС-д улс төр судлалын мэргэжлээр төгссөн байна. Мөн 2015-2017 онд Австралийн Ньюкастлын их сургуульд тогтвортой хөгжлийн судалгаагаар магистрын зэрэг хамгаалсан бөгөөд 2019 онд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан.
Тэрбээр 2010 оноос улс төрийн салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд МАН-ын Бүсийн зохицуулагч, Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, УИХ-ын Тамгын газрын референт зэрэг албан тушаал хашиж байжээ. Мөн Зүүний хүчний холбооны зохицуулагч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга, НИТХ-ын төлөөлөгч зэрэг албан тушаалд ажилласан байна.
Одоогийн байдлаар тэрбээр 2024 оноос МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2025 оноос МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм.
