ЭХЭМҮТ-ийн тасгийн эрхлэгч төлбөрийн мөнгийг завшсан хэргээр ял шийтгүүлэв

2026-05-26 13:011min
20260526-130115-file.jpeg
ЭХЭМҮТ-ийн Төрсний дараах тасгийн эрхлэгч Ц.Болормаа албан тушаалаа урвуулан ашиглаж, иргэдийн төлбөрт үйлчилгээний мөнгийг завшсан хэрэгт холбогдож, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилээр хасаж, торгууль ногдууллаа.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн (ЭХЭМҮТ) Төрсний дараах тасгийн эрхлэгч Ц.Болормаад холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тэрбээр 2022 оны эхнээс арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд албан тушаалаа урвуулан ашиглаж, иргэдээс хураасан төлбөрийн мөнгийг завшсан хэрэгт холбогдсон байна.

Энэ хугацаанд ЭХЭМҮТ-ийн Төрсний дараах тасгийн төлбөртэй өрөөнд хэвтэн эмчлүүлсэн 785 иргэнээс нийт 44.2 сая төгрөг хураан авсан бөгөөд үүний 11.4 сая төгрөгийг төвийн Төрийн сангийн дансанд төвлөрүүлжээ.

Гэвч 32.7 сая төгрөгийг эмнэлгийн касс болон бусад дансанд тушаагаагүй бөгөөд үүнээс 10.2 сая төгрөгөөр тасгийн өрөөнүүдийг тохижуулж, 22.4 сая төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан байна.

Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгасны үр дүнд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн “Эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Шүүх Ц.Болормааг албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилээр хасаж, найман сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Мөн түүнээс 12.6 сая төгрөгийг гаргуулж, ЭХЭМҮТ-д буцаан олгохоор шийдвэрлэжээ.