Гадаадын цахим залилангийн бүлэглэлд Монгол иргэд оролцсон 17 этгээдийг баривчилжээ

Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас гадаад улсын цахим залилах гэмт хэрэг үйлддэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай бүлэглэлд Монгол Улсын иргэд элсэж, фейсбүүк орчинд хуурамч хаяг нээж “Хусдаг сугалаа”, “Алт, үнэт эдлэлийн сугалаа”, “Үнэт болон уурхайн чулуу” зэрэг азтан шалгаруулах шууд бичлэг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж байсан 17 этгээдийг баривчилжээ. Тэд иргэдийн итгэлийг олох, хууль бус үйл ажиллагаагаа нуун далдлах зорилгоор Хаан банкны аппликейшныг хуурамчаар зохиож, Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа мэтээр хуурч, хонжворын мөнгөн дүнг шууд шилжүүлж байгаа нь тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааг нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтад явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3, 20.3 дугаар зүйлийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авчээ. Энэ төрлийн гэмт хэрэг нь Монгол Улсад 2025 оны долоодугаар сараас бүртгэгдэж эхэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 1742 иргэнд 5.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт бүлэглэлд хамаарах Монгол Улсын 12 иргэн гадаад улсад байрлан дахин гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгааг тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд Интерполын “Улаан булант зар” мэдээгээр эрэн сурвалжлан албадан ирүүлэх ажиллагаа явуулж эхэлжээ.
