“Ulaanbaatar Open” олон улсын тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд болно

2026-05-24 11:001min
20260524-110031-file.jpeg
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar Open” тэмцээн зургадугаар сарын 4-7-нд Буянт-Ухаа спортын ордонд болно. 30 орчим орны 400 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгсөн байна.

Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar Open” олон улсын тэмцээн ирэх зургадугаар сарын 4-7-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулагдана. Монголын чөлөөт бөхийн холбоо өнгөрсөн жилээс эхлэн Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны албан ёсны хуваарьт багтдаг, дэлхийн чансааны оноо олгох дөрвөн том цуврал тэмцээний нэгийг эх орондоо зохион байгуулж эхэлсэн юм.

Энэ удаагийн тэмцээнд 30 орчим орны 400 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлэгч Хан Чонг Сон, 2025 оны ОХУ-ын аварга, 2026 оны Европын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Муса Мехтиханов нарын шилдэг бөхчүүд өрсөлдөхөөр болжээ.

Дэлхийн чансааны оноо олгох цувралын гурав дахь тэмцээнийг Монгол Улс хоёр дахь жилдээ зохион байгуулах бөгөөд олимп, дэлхийн аваргын медальтнууд олон тоогоор оролцох нь тэмцээний өрсөлдөөн улам сонирхолтой болох төлөвтэй байна.