Улаанбаатар хотын агаарын бохирдол 2025-2026 онд буурчээ

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн ээлжит хурал болж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлчүүдийн хэрэглэсэн хагас коксон түлшний үр дүнг хэлэлцэв.
Цаг уур, орчны шинжилгээний газрын агаарын чанарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Өнөрбат өнгөрсөн оны мөн үеэс агаар бохирдуулагч бодисууд 4-54 хувиар буурсныг мэдээллээ.
Тодруулбал, PM2.5 тоосонцор 9 мкг/м3 буюу 17 хувиар, азотын давхар исэл (NO2) 2 мкг/м3 буюу 4 хувиар, PM10 тоосонцор 23 мкг/м3 буюу 21 хувиар, хүхэрлэг хий (SO2) 36 мкг/м3 буюу 54 хувиар багассан байна.
Эрдэмтдийн зөвлөлийн дарга, академич Х.Энхжаргал Улаанбаатар хотын агаарын бохирдол мэдэгдэхүйц буурсан гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Мөн 2025-2026 оны халаалтын улиралд гэр хорооллын айл өрхүүдэд 425 борлуулалтын цэгээр 436.7 мянган тонн хатуу түлш нийлүүлсэн бөгөөд үүний 333.3 мянган тонн нь хагас коксон түлш байжээ.
