Т.Даваадалайг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Нийслэлийн прокуророос гаргасан бөгөөд энэ саналыг 2026 оны тавдугаар сарын 22-ны өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн хүсэлтийг хангажээ. Ингэснээр түүнийг нэг сарын хугацаатай цагдан хорьж байгаа юм.
Нийслэлийн Прокурорын газраас Т.Даваадалайд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд хүргүүлсэн байна.
Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримт, прокурорын санал, өмгөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримт болон яллагдагчийн хувийн байдлыг судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэлээр буюу хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх эрсдэлтэй гэж үзэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй гэж шийдвэрлэжээ.
Т.Даваадалайг Туулын хурдны зам төсөлтэй холбоотойгоор хамаарал бүхий компаниа шалгаруулсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа юм.
