Нөөцийн махны нийлүүлэлт, түгээлтэд хариуцлага тооцно гэдгийг сайд анхаарууллаа

2026-05-21 10:001min
20260521-100033-file.jpeg
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нөөцийн махны нийлүүлэлт, түгээлтийн явцыг шалгаж, хариуцлагагүй хандвал хариуцлага тооцно гэдгийг анхаарууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нийслэлд нөөцийн мах нийлүүлж буй есөн аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж, нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болон сүлжээ дэлгүүрүүдэд хийж буй нийлүүлэлт, түгээлтийн явцыг шалгалаа.

Сайд нөөцийн махны хүргэлт сүлжээ дэлгүүрүүдэд дутуу хүргэгдсэн, өргөтгөсөн худалдааны зохион байгуулалт иргэдийг урт дараалалд оруулж, чирэгдэл үүсгэж байгааг шүүмжилж, цаашид түгээлтэд хариуцлагагүй хандвал хариуцлага тооцно гэдгийг анхаарууллаа.

Мөн нөөцийн махны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөр дуусгаж, “Номин”, “М-Март”, “Миний дэлгүүр” сүлжээний нийт 81 салбарт маргааш өглөө гэхэд нөөцийн махны нийлүүлэлтийг бүрэн гүйцэтгэх үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон холбогдох аж ахуйн нэгжүүдэд өгсөн байна.

Сайд нөөцийн мах нийлүүлэх гэрээний хэрэгжилт, түгээлт, борлуулалт, эрүүл ахуйн хяналтыг эрчимжүүлэн, ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох албаныханд үүрэг болгож, өөрөө биечлэн хяналт тавихыг мэдэгдлээ.

Өнөөдрийн байдлаар нөөцийн махны өргөтгөсөн худалдаанд нийт 12,568 тонн мах нийлүүлсэн бөгөөд үүнээс 8,822 тонн нь үхрийн мах, 3,746 тонн нь хонины мах байна. Махыг Төв цэнгэлдэх хүрээлэн, “Цамбагарав” үйлчилгээний төв, Жуковын талбай, “Алтжин бөмбөгөр”, “Байгаль эх” цогцолбор, “Хангай” хотхон зэрэг байршлуудад борлуулж байна.

Өчигдөр дээрх цэгүүдэд 5.5 тонн хонины мах, 9.1 тонн үхрийн мах буюу нийт 14.6 тонн нөөцийн мах борлуулсан байна.