Нас барсан иргэний 1072 хувьцаа болон ногдол ашгийг өвлүүлэх эрх нээгдлээ

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Эрдэнэс Тавантолгой ХК-д иргэдийн эзэмшиж байсан 1072 хувьцаа болон ногдол ашгийн өвлөгдөх эрхийг нээсэн байна.
Шийдвэрийн дагуу компанийн 110.9 ширхэг хувьцаа өвлөгдөж, түүнд ногдох нийт 73 тэрбум төгрөгийн ногдол ашгийг олгох бөгөөд нэг өвлөгчид дунджаар 552.2 мянган төгрөг ногдох юм. Энэхүү үйл ажиллагаа 2024 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Иргэд нас барсан гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй 1072 хувьцааны тоо болон өвлөн авах боломжтой хувьцааны хэмжээ, ногдол ашгийн талаарх мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын Нотариатчдын танхим, “Эрдэнэс Тавантолгой” ХК болон холбогдох брокерын компаниудаас авч болно.
Мөн иргэний хуулийн дагуу өв хүлээн авахад шаардлагатай баримт бичиг, бүрдүүлэх материал, шат дарааллын талаарх мэдээллийг авах боломжтой бөгөөд үнэт цаасны дансгүй бол шинэ данс нээлгэх шаардлагатай.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа болон ногдол ашгийг өвлөн авах үйл явцыг “ХУР” цахим системээр дамжуулан гүйцэтгэнэ. Өвлөн авах иргэд гэр бүл дундаа хэн нь өвлөн авахыг нотариатаар баталгаажуулснаар өөрийн үнэт цаасны дансанд хуримтлагдсан өмнөх жилүүдийн ногдол ашгаа авах эрхтэй болно.
Хувьцаа болон ногдол ашгийн өвлөх эрхийн бүртгэлийг баталгаажуулахад дараах алхмуудыг дагана: өв нээгдэж өвлөгч тодорхойлох, өв залгамжлал нээх, өв залгамжлах эрхийн гэрчилгээ авах, хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг шинэчлэх, дараа нь хувьцаа болон ногдол ашгийг өвлөн авах.
Иргэдэд шаардлагатай бичиг баримтаа бүрэн бүрдүүлж, харьяалагдах байгууллагад цаг тухайд нь хандахыг холбогдох газрууд зөвлөж байна.
