Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа, ногдол ашгийг өвлөгчдэд шилжүүлэх журам шинэчлэгдлээ

2026-05-20 08:001min
20260520-080037-file.jpeg
Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа болон ногдол ашгийг хууль ёсны өвлөгчдэд шилжүүлэх журмыг шинэчлэн зохион байгуулах шийдвэр гаргалаа. Энэ арга хэмжээ 2026 оноос хэрэгжиж эхэлнэ.

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 0.06 хувийг 488 үндэсний аж ахуйн нэгж эзэмшиж, 26.44 хувийг Монгол Улсын 3,408,399 иргэн эзэмшиж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол улсын иргэдэд үнэ төлбөргүйгээр эзэмшүүлсэн бөгөөд хувьцааны эрхийг хоёрдогч зах зээлийн арилжаа нээгдэх хүртэл саналын эрхгүй, бусдад зарах, шилжүүлэхгүй, Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдахаас бусад тохиолдолд захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгээр хязгаарласан байна.

Энэхүү эрхийн хязгаарлалтаас шалтгаалан нас барсан иргэдийн хувьцаа болон ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх үйл явц цаг хугацааны хувьд хүндрэлтэй байсан.

Монгол Улсын Засгийн газраас энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа болон түүнд хуваарилагдсан ногдол ашгийг өвлөгчдэд шилжүүлэх арга хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

“Чөлөөлье” санаачилгын хүрээнд иргэдийн эзэмшиж буй хувьцаа болон ногдол ашиг өвлөгдөх эрхийг нээсэн бөгөөд энэ шийдвэрийн дагуу компанийн 110.9 сая ширхэг хувьцаа өвлөгдөж, нийт 73.0 тэрбум төгрөгийн ногдол ашиг хууль ёсны өвлөгчдэд олгогдох юм. Нэг өвлөгчид дунджаар 552.2 мянган төгрөгийн ногдол ашиг ногдоно.

Засгийн газрын 154 дүгээр тогтоол 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Энэ хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Монголын Нотариатчдын танхим” хамтран “ХУР” цахим системээр дамжуулан хувьцаа болон ногдол ашгийг өвлөн авах үйл явцыг зохион байгуулахад бэлэн болсон байна.

Иргэд нас барсан гэр бүлийн гишүүний нэр дээр бүртгэлтэй хувьцааны тоо хэмжээ, ногдол ашгийн мэдээллийг холбогдох байгууллагаас тодруулж, Иргэний хуулийн дагуу өв хүлээн авахад шаардлагатай баримт бичиг, материал, шат дарааллын талаарх мэдээллийг авах шаардлагатай болжээ. Мөн үнэт цаасны дансгүй тохиолдолд данс нээлгэх бэлтгэл ажлыг хангах хэрэгтэй байна.