Олимпын таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт эхэллээ

2026-05-19 19:011min
20260519-190131-file.jpeg
Олимпын таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо эхэлж, 43 орны 1300 гаруй тамирчин гурван төрөлд өрсөлдөж байна. Тэмцээн Азийн наадмын эрх олгох ач холбогдолтой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор олимпын таеквондогийн пүмзэ, тулаан, пара таеквондогийн 9, 27, 11 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотын М Банк Аренад эхэллээ.

Азийн аварга шалгаруулах энэхүү тэмцээн нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд олимпын хамгийн өндөр оноо олгодог тул тивдээ чухал ач холбогдолтой юм.

Тэмцээнд Азийн 43 орны 1300 гаруй шилдэг тамирчин гурван төрөлд оролцож, тавдугаар сарын 26 хүртэл өрсөлдөнө. Мөн медальтнуудыг тодруулахын зэрэгцээ энэ оны есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4 хүртэл Японы Аичи муж, Нагоя хотод болох Азийн зуны XX дугаар спортын наадамд оролцох эрх олгох тэмцээн юм. Жин бүрийн эхний долоон байрт шалгарсан тамирчид Азийн наадмын эрх авах юм.

Дэлхийн таеквондогийн холбооны ерөнхийлөгч Чое Чунвон өөрийн биеэр хүрэлцэн ирж, тэмцээний нээлтэд “Авъяаслаг америкчууд” шоуны “Алтан баззер”-ийн эзнээр тодорсон үзүүлэх тоглолтын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцон таеквондогийн урлаг, хүч чадлын гайхамшгийг үзүүлэхээр төлөвлөжээ.

Монгол Улсаас ахлах дасгалжуулагч МУГД Д.Батнасан, Дэлхийн таеквондогийн холбооны төв Куккивон байгууллагын мастер зэргийн дасгалжуулагч Хо Инёон, Пара таеквондогийн дасгалжуулагч М.Түмэнбаяр, дасгалжуулагч ОУХМ Э.Буяншагай нарын удирдлага дор гурван төрөлд тамирчид оролцож байна.

Өмнө нь Монголын тамирчид насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 23 медаль хүртэж байжээ.

Тэмцээнд 120 сайн дурын хүүхэд, залуучууд ажиллаж байна.