Нөөцийн махны худалдааг түр хугацаагаар зогсоолоо

Ерөнхий сайд Н.Учралаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өчигдөр шөнө ЭЦА-аас нөөцийн мах бэлтгэн нийлүүлсэн есөн аж ахуйн нэгжийн агуулахыг лацдаж, шалгалт эхлүүлсэн байна. Үүний улмаас нөөцийн махны худалдаа зогссон байна.
Нийслэлийн хаврын улирлын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор жил бүр нөөцийн мах бэлтгэн нийлүүлдэг бөгөөд энэ ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулж, хяналт тавин ажилладаг.
Энэ жил нийслэлийн хүн амын хаврын хэрэгцээнд зориулан нийт 5000 тонн үхэр, хонины мах нөөцөлсөн бөгөөд үүний 40 хувь нь үхрийн мах, 60 хувь нь хонины мах байна. Нөөцийн махыг энэ оны нэгдүгээр сараас эхлэн нийслэлийн есөн дүүргийн 386 хүнсний дэлгүүрээр худалдаалж эхэлсэн.
Албаныхны мэдээлснээр одоогоор 3000 гаруй тонн махны нөөц үлдсэн ч иргэд мах хүрэлцээгүй, олдохгүй байгаа талаар шүүмжилж байна.
Нөөцийн махны үнэ килограмм тутамд үхрийн махыг 15 мянган төгрөг, хонины махыг 13 мянган төгрөгөөр худалдаалж байсан. Харин зах зээлийн үнийн өсөлтийн улмаас дөрөвдүгээр сараас эхлэн үнийг 2000-3000 төгрөгөөр нэмэгдүүлж, үхрийн махыг 18 мянга, хонины махыг 15 мянган төгрөгөөр худалдаалж эхэлжээ.
Зах зээл дээр махны үнэ эрчимтэй өсөж, зарим худалдааны төвд үхрийн цул мах килограмм нь 50 мянган төгрөгт хүрсэн нь нөөцийн махны эрэлтийг нэмэгдүүлж буйг худалдаачид болон албаныхан мэдээлж байна.
Мөн Ерөнхий сайд Н.Учрал “Хүчит шонхор” худалдааны төвд ажиллах үеэрээ махны худалдаа эрхлэгчээс үхрийн цул махны үнийг асуухад килограмм нь 48 мянган төгрөг гэж хариулсан байна.
