Бага ангийн сурагчдын үгийн сан багасч, хэлний чадварын ялгаа нэмэгдэж байна

Дижитал эрин үед хүүхдүүд дэлгэцийн хэрэглээнд ихээр хамааралтай болж байгааг СЭМҮТ анхааруулж байна. Төрсөн цагаасаа эхлэн дэлгэцтэй харилцаж өссөн хүүхдүүд гэр бүлийнхэнтэйгээ амьд харилцаа үүсгэх нь багасч, гар утас, таблет зэрэг төхөөрөмжтэй харилцдаг болсон байна. Үзэж, сонсож буй контентууд ихэвчлэн англи болон бусад хэл дээр байдаг тул хүүхдүүд монгол хэлээр бүтэн өгүүлбэрээр харилцах чадвар сул, хэлд орох хугацаа оройтож байгаа нь ажиглагдаж байна. Үүнийг хэл ярианы бэрхшээл гэхээсээ илүү дэлгэцийн хамаарал, ганцаардалтай холбон тайлбарлах нь түгээмэл байна.
Бага ангийн сурагчдын өдөрт ашиглах үгийн сан дунджаар 3600 үг байх ёстой гэж үздэг бол өнөөдөр энэ насныхны үгийн сан 1000-аас хэтрэхгүй байгаа талаар Боловсролын яамнаас мэдээллээ. Үүний улмаас бага ангийн багш нарын ачаалал нэмэгдэж, хэл заслын хичээл давхар орж байгаа аж.
Салбарын сайд хэлэхдээ “Нийгэм, цаг үеийн өөрчлөлттэй уялдан чадварлаг багш бэлтгэх шаардлага нэмэгдэж байна. Бага ангийн хүүхдүүдийн унших, уншсанаа ойлгох болон бичих чадварын ялгаа улам ихсэж байгаа тул хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд багшийн ур чадварыг дээшлүүлж, сурагчдын хоцрогдлыг арилгана” гэжээ.
