Ерөнхий сайд Н.Учрал махны үнийн дарамтыг бууруулах шийдвэр гаргана гэж мэдэгдэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах борлуулах гэрээт цэгт ажиллаж, иргэд болон худалдаа эрхлэгчидтэй уулзав.
Иргэд махны үнэ өндөр байгааг онцолж, нөөцийн мах олдохгүй байгаа талаар мэдээллээ. Тэд өмнөх жилүүдэд нөөцийн мах чөлөөтэй худалдан авч байсан ч энэ жил олдоц багассан гэж хэлэв. Зарим ахмад тэтгэврийн зээл авч мах худалдан авч байгаагаа дурдсан байна.
“Хүчит шонхор” захын худалдаа эрхлэгчид махны нийлүүлэлт бага, үнэ өндөр байгаагаас иргэд хагас килограммаар мах худалдаж авдаг болсон гэж мэдээлэв. Нөөцийн мах зарагдахгүй, олдоцгүй байгаа нь махны үнийн өсөлтөд нөлөөлж байна гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Нийтийн хоолны салбарынхан махны үнийн өсөлтөөс шалтгаалан тоног төхөөрөмжөө зарж, үйл ажиллагаагаа зогсоож буй тохиолдол гарч байгааг Ерөнхий сайдад уламжилжээ.
Нөөцийн махны гэрээт борлуулагч “Өгөөж Хан Хөхий” ХХК-ийн төлөөлөгч С.Октябрьтуяа сүүлийн нэг сарын хугацаанд нөөцийн мах нийлүүлэлт хийгдээгүйг мэдэгдэв. Нийлүүлэгчээс хангалттай хариу авдаггүй гэж тайлбарлав.
Нийслэл 5017 тонн мах нөөцөлсөн бөгөөд одоогоор 2500 тонн мах худалдаанд гараагүй нь И-баримтын системээр батлагдсан байна. Ерөнхий сайд Н.Учрал энэ мах хаана байгааг, яагаад худалдаанд гарахгүй байгааг шалгуулахаа мэдэгдэв. Мөн нөөцийн мах бэлтгэсэн гэрээт компани нэг иргэнд 216 сая төгрөгөөр мах зарсан, тендерт шалгарсан есөн компани дунд нэг иргэний хоёр аж ахуйн нэгж байгааг шалгуулах талаар хэллээ.
Аймаг, нийслэлийн Засаг дарга нар стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, хүн амыг хүнсээр хангах үүрэгтэй бөгөөд хот энэ үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцлага тооцно гэж Ерөнхий сайд мэдэгдэв. Ирэх долоо хоногт Засгийн газар махны үнийн дарамтыг бууруулах, малчдад хохирол багатай, хэрэглэгчдэд дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргах болно гэдгийг онцлов.
