Шанхайн 3×3 тэмцээнд Монголын хоёр баг оролцоно
2026-05-16 16:001min

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй "FIBA 3x3 Shanghai Women's Series" тэмцээнд Монгол Улсаас хоёр баг өрсөлдөхөөр шалгарчээ. Тэмцээний хэсгийн тоглолтууд өнөөдөр болно.
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос энэ амралтын өдрүүдэд “FIBA 3×3 Shanghai Women’s Series” цуврал тэмцээнийг зохион байгуулна. Шанхайн тэмцээнд нийт 16 баг оролцох бөгөөд Монгол Улсаас хоёр баг оролцохоор шалгарчээ.
“Улаанбаатар Амазонс” баг нь өмнөх хоёр цувралд тавдугаар байр эзэлсэн бөгөөд “С” хэсэгт өрсөлдөнө. Харин “Сүхбаатар” баг урьдчилсан шатнаас тэмцээнд оролцох бөгөөд тус багийн бүрэлдэхүүнд Б.Энхтуул, Н.Номин-Эрдэнэ, Э.Энхбуян, П.Бямбахишиг нар багтжээ.
“Сүхбаатар” баг урьдчилсан шатанд Мадагаскар, Австрали улсын багуудтай тоглоно. Тус хэсгийг тэргүүлсэн баг “Улаанбаатар Амазонс” багийн “С” хэсэгт үргэлжлүүлэн тоглох эрх авна.
Тэмцээний хэсгийн тоглолтууд өнөөдөр явагдаж, хасагдах шатанд өрсөлдөх найман баг тодрох юм.
