Эрээн хот дахь “Хаоган” импорт, экспортын парк Монголын хүнсний бүтээгдэхүүний тээвэрт чухал үүрэг гүйцэтгэж байна

2026-05-15 21:011min
20260515-210128-file.jpeg
БНХАУ-ын Эрээн хот дахь “Хаоган” жимс, хүнсний ногоо, хүнсний тосны импорт, экспортын парк нь Монгол Улсад зориулсан гаалийн хяналтын цорын ганц байгууллага бөгөөд өдөр тутмын тээвэрлэлтийг зохион байгуулж байна.

Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг БНХАУ-ын Эрээн хотод байрлах “Хаоган” жимс, хүнсний ногоо, амуу будаа, хүнсний тосны импорт, экспортын паркын үйл ажиллагаатай танилцлаа.

2007 оны гуравдугаар сард 10 сая юанийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан тус парк нь Эрээн хотод жимс, хүнсний ногооны төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Монгол Улсад экспортлох эрх бүхий гаалийн хяналтын цорын ганц байгууллага юм.

Тус компани нь жимс, хүнсний ногооны экспортын худалдаа, бэлэн хоол болон хүнсний бүтээгдэхүүний урьдчилан боловсруулалт, хөлдөөсөн болон хатаасан жимс, хүнсний ногооны үйлдвэрлэл, төмсний шарсан бүтээгдэхүүний хагас боловсруулалт, амуу будаа, хүнсний тосны импорт, экспорт, логистик, агуулах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг.

Паркийн нийт талбай нь 80 мянган ам метр бөгөөд 13 ширхэг, 25 мянган ам метр талбайтай тогтмол температур бүхий агуулахтай. Мөн 10 мянган ам метр талбайд хяналт шалгалтын бүс, 3700 ам метр талбайд хамтарсан шалгалтын нэгдсэн байртай үйл ажиллагаа явуулж байна.

Тус компанийн агуулахаас өдөр бүр 25 тонн хүртэлх ачаатай 30 орчим автомашин жимс, хүнсний ногоог тээвэрлэн, 24 цагийн дотор Улаанбаатар хотод хүргэдэг. Импортын бүтээгдэхүүнийг Монгол Улсын стандартын шаардлагад нийцүүлэн боловсруулж, савладаг. Парк дотор болон гадна орчин 24 цагийн цахим хяналтын камертай, мэргэжлийн лаборатори, хүнсний аюулгүй байдлын орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогджээ.

Мөн тус парк нь Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д нийлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд 2025 онд 20 мянган тонн мах худалдан авсан байна. Үүнээс гадна ОХУ-ын Байгаль нуурын бүсээс ус, рашаан импортлон Хятадын зах зээлд нийлүүлдэг аж.

Жолооч Т.Гүнжаргалын хэлснээр, Монголд жимс, хүнсний ногоо импортолдог 60 гаруй компани бий. Тэдгээрийн бүтээгдэхүүнийг тус агуулахаас ачсан автомашинууд Эрээнээс Улаанбаатар хүртэл ойролцоогоор 10 цаг явдаг бөгөөд Хятадын талд гаалийн шалгалт, Монголын хил дээр дахин шалгалт хийсний дараа шууд Улаанбаатарт хүргэдэг. Агуулах нь цэвэр, стандартын шаардлага хангасан тул жимс, хүнсний ногооны чанар сайн байдаг. Нэг машинд бүдүүн ногоо 20-25 тонн, нарийн ногоо 19-22 тонн ачиж тээвэрлэдэг гэжээ.

Монгол Улс жилд нийт 170 мянган тонн орчим жимс, хүнсний ногоог БНХАУ-аас Эрээн боомтоор дамжуулан импортолдог байна.