Улаанбаатар марафон-2026: Оролцогчдын тоо хоёр дахин нэмэгдэж гарааны цаг өөрчлөгдлөө

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт энэ сарын 23-нд зохион байгуулагдах бөгөөд энэ жил 46 мянга гаруй хүн бүртгүүлсэн нь өмнөх жилийнхээс хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ. Оролцогчдын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан зохион байгуулагчид гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна. Энэхүү өөрчлөлт нь замын ачаалал, гүйгчдийн урсгалыг зохион байгуулалттай байлгах, аюулгүй байдлыг хангах зорилготой юм.
Бүтэн марафон буюу 42.195 км-ийн төрөл өглөөний 07:00 цагт Соёлын төв өргөөний баруун талаас эхлэх бол 21.095 км болон 10 км-ийн төрөл 08:30 цагт гараагаа авна. 5 км-ийн эрүүл мэндийн гүйлт 13:00 цагт МУИС-ийн урдаас эхлэх бөгөөд 1.5 км-ийн гэр бүлийн ангилал 15:00 цагт стартлана. Тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй иргэдийн 1.5 км-ийн төрөл 15:30 цагт эхлэхээр товлогдсон байна.
Тусгай олимпын 800 метрийн төрөл 16:00 цагт Спортын төв ордны орчмоос, 500 метрийн төрөл 16:10 цагт Улаанбаатар зочид буудлын орчмоос гарах юм. Зохион байгуулагчид оролцогчдод гараанаас дор хаяж 30-60 минутын өмнө ирж, энгэрийн дугаар болон чипийн мэдээллээ урьдчилан шалгахыг зөвлөж байна.
“Улаанбаатар марафон” жил бүр оролцогчдын хүрээгээ тэлж, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх олон улсын томоохон спортын арга хэмжээ болжээ.
