А.Мөнхтөр хүү хүүхдийн барилдаанд түрүүлж авсан автомашинаа ээждээ бэлэглэжээ

2026-05-15 10:001min
20260515-100023-file.jpeg
"Ирээдүйн түмэн эх-2026" хурдан морины уралдааны хүүхдийн барилдаанд түрүүлсэн Амгаланбаатарын Мөнхтөр автомашинаа ээждээ бэлэглэжээ. Тэрбээр долоон настайгаасаа хурдан морины уралдаанд оролцож байгаа туршлагатай уралдаанч юм.

Монголын хурдан морины түүхэнд хамгийн өндөр бооцоотой уралдаан болох “Ирээдүйн түмэн эх-2026” хурдан морины уралдаан энэ сарын 4-нд Төв аймгийн Хүй долоо худгийн Цагаан хөтөлд зохион байгуулагдлаа.

Уралдаанд хурдан хүлгээ эхний 32-т оруулсан хүүхдүүдийн дунд барилдаан зохион байгуулж, түрүүлсэн хүүхдийг Приус-41 автомашинаар шагнасан юм.

Дорнод аймгийн харьяат, МУАУ-ын тамирчин Б.Соёлбатын хурдан даагыг унаж 25-д хурдалсан Дорнод аймгийн “Шинэ Хөгжил Цогцолбор” сургуулийн долоодугаар ангийн сурагч Амгаланбаатарын Мөнхтөр түрүүлж автомашин гардсан байна.

А.Мөнхтөр долоон настайгаасаа эхлэн Б.Соёлбат уяачийн морийг унаж эхэлсэн бөгөөд одоогоор долоо дахь жилдээ хурдан морины уралдаанд оролцож буй туршлагатай уралдаанч юм.

Тэрбээр “Ирээдүйн түмэн эх-2026” уралдааны хүүхдийн барилдаанд түрүүлж авсан автомашинаа ээждээ бэлэглэсэн бөгөөд бага ангид байхдаа чөлөөт бөхийн дугуйланд явж байсан туршлага нь амжилтанд нөлөөлсөн гэжээ.

Мөн тэрбээр “Өөрийн чаддаг зүйлээрээ ээжийгээ баярлуулсандаа сэтгэл хангалуун байна” гэж ярьсан юм.