Монголын топ компаниуд үнэ цэн дээр өрсөлдөх стратегийг чухалчилж байна

MMCG судалгааны компани Монголын топ 50 компанийн гүйцэтгэх захирлын дунд “CEO Report 2026” судалгаа явуулж, “CEO NIGHT 2026” арга хэмжээний үеэр танилцууллаа.
Судалгаагаар дундаж давхаргын бодит орлого буурч, зах зээл туйлшрах хандлагатай болсон нь “дунджаар боломжийн” стратегийг сулруулж байгааг илэрхийлэв. Ийм нөхцөлд жижиг дунд бизнесүүд (ЖДБ) дараах асуултад хариулах шаардлагатай болжээ: Би яг хэнд, ямар онцгой хэрэгцээнд үнэ цэнэ бүтээж байна вэ? Үнийг бууруулахгүйгээр хэрэглэгчийн өгөөжийг яаж нэмэх вэ?
Хиймэл оюун ухаан (AI) дотоод үр ашгийг нэмэгдүүлж байгаа ч хэрэглэгчийн туршлага автоматаар сайжрахгүй байна. Судалгаанд оролцсон хэрэглэгчдийн 71 хувь нь өгөгдлөө AI-д даатгахад болгоомжилж байгаа тул итгэлцэл, ил тод байдал стратегийн чухал асуудал болжээ. ЖДБ-үүдийн давуу тал нь “хүн төвтэй” үйлчилгээ болон уян хатан байдал юм.
Насны уламжлалт сегментчлэл суларч, амьдралын хэв маяг, үнэт зүйлс стратегийн гол шалгуур болж байна. Өгөгдлийг их хэмжээгээр цуглуулах бус нэгтгэн ойлгож, хангагдаагүй хэрэгцээг илрүүлэх нь 2026 оны ЖДБ-ийн бодит өсөлтийн эх үүсвэр болохыг судалгаанд тэмдэглэв.
Монгол Улсын хувьд макро түвшинд уул уурхайн нөлөөгөөр өсөлтийн боломж хадгалагдсан ч энэ өсөлт салбар бүрт жигд тархахгүй байна. 2026–2027 онд амжилт олох компаниуд өсөлтийн хэмжээнээс илүү үнэ цэн, бүтээмж, засаглал, дата, итгэлцэлд төвлөрөх шаардлагатайг гүйцэтгэх захирлууд онцолжээ.
Тухайлбал, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа өмнө нь ашигтай гэж үзэгдсэн салбар руу олноороо хошуурч, зах зээлийг хэт ханалттай болгож байсан бол одоо бизнесүүд “Би юунд сайн бэ, ямар үнэ цэн бий болгож чадах вэ, борлуулалтын орлогоо хаанаас тогтвортой бий болгох вэ?” гэдэгт илүү төвлөрч байгааг хэлэв.
