ЕБС-үүдэд есдүгээр сарын 1-нээс фэйсбүүк хэрэглээг хориглоно

Боловсролын сайд Л.Энх-Амгалан боловсролын системийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр цахим хэрэглээний нөлөөгөөр цэцэрлэгийн хүүхдүүдийн 70 хувь нь хэл ярианы хөгжил муу байгааг онцлов. Нэгдүгээр ангид орж ирж буй хүүхдүүдийн хэл ярианы чадвар сул, ярьсан, уншсан зүйлсээ ойлгох чадвар дутмаг байгааг тэмдэглэлээ. Иймд англи хэлний боловсролоос илүү эх хэлний боловсролд анхаарах шаардлагатайг онцолсон байна. Мөн залуу эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ илүү ярилцаж, ном уншиж өгөхийг уриаллаа. Тэрбээр есдүгээр сарын 1-нээс эхлэн ерөнхий боловсролын сургуулиудад фэйсбүүк хэрэглээг хориглох шийдвэр гаргаснаа мэдэгдэв. Фэйсбүүкээр гэрийн даалгавар өгөх, эцэг эхтэй харилцах үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөж байна. Мөн сургуулиуд дээр суурилсан эрт илрүүлгийн арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг дурдлаа.
