Засгийн газрын хуралдаанаар агаарын хөлгийн түлш нийлүүлэх гэрээ, газрын тосны үйлдвэрийг дэмжих шийдвэр гаргав

2026-05-13 15:001min
20260513-150033-file.jpeg
Засгийн газрын ээлжит хуралдаанаар агаарын хөлгийн түлш нийлүүлэх гэрээг УИХ-д соёрхон батлуулах, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа. Мөн 2026 онд төмс, хүнсний ногоо, улаан буудай тариалалтыг нэмэгдүүлэх зорилт тавьжээ.

Засгийн газрын 2026 оны тавдугаар сарын 13-ны ээлжит хуралдаанаар хэд хэдэн чухал шийдвэр гаргалаа.

Аж үйлдвэрийн хөгжлийн сайд Г.Дамдинням “Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай гэрээ”-г УИХ-аар соёрхон батлуулах хуулийн төслийг танилцууллаа. Анхны хэлэлцээр нь Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын менежментийг бүрэн шилжүүлэхтэй адил агуулгатай, зарим заалт нь Монгол Улсын эрх ашигт нийцээгүй байсан тул 2025 онд буцаагдаж байсан юм.

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины 2024 оны айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар гэрээ байгуулж, ойрын хугацаанд УИХ-д өргөн барьж соёрхон батлуулахаар болсон энэхүү гэрээ нь Монгол Улсыг нефтийн бүтээгдэхүүнээр тогтвортой, найдвартай хангах эрх зүйн үндэс болох юм.

Мөн Г.Дамдинням сайд “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийн хэрэгжилтийг түргэсгэх зорилгоор тус үйлдвэрийн бүтээн байгуулалтын гэрээнд заасан зарим ажлыг эрчимжүүлэх, компаниудын ТУЗ-д өөрчлөлт оруулах, уян хатан нөхцөлөөр ажиллах боломжийг нээх тогтоолыг баталсан талаар мэдээлэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсвийн орлого, зарлагыг тусад нь бүртгэх, эдийн засгийн үр өгөөжтэй, үндэсний аюулгүй байдалд хамаатай төслүүдэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт дэмжээгүй тул дахин өргөн барихаар болсон бөгөөд энэ удаад Сэлбэ дэд төвийг хасч, Эрдэнэбүрэн усан цахилгаан станц болон Газрын тосны үйлдвэрийг хамруулж байгаа юм. Хэрэв батлагдвал Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт эрчимжих боломжтой болно.

Хөдөө аж ахуйн сайд Ц.Идэрбат 2026 онд 630 мянган га талбайд төмс, хүнсний ногоо, улаан буудай тариалах төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулж, тариалалт эхэлсэн талаар мэдээлэв. Энэ онд улаан буудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний бусад ногоог 80 хувиар дотоодоос хангах зорилт тавьжээ.