Монгол Улс нүүрс, зэс, төмрийн экспортоо нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байна

Монгол Улс ирэх гурван жилд нүүрс, зэс, төмрийн экспортоо нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр энэ талаар мэдээлэл өглөө.
Нүүрсний экспортын биет хэмжээ өнгөрсөн сарын 30-ны байдлаар 37.8 сая тоннд хүрсэн бөгөөд энэ онд 95 сая тонн, 2027 онд 100 сая тонн, 2028 онд 105 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байна. Нүүрсийг биетээр худалдаалах бөгөөд угааж, баяжуулж, биржээр борлуулах бодлого барина. Мөн боомтын үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээг тогтмол хэрэгжүүлнэ.
Зэсийн экспорт өнгөрсөн оны мөн үеэс 40 хувиар өсөж, 870 мянган тоннд хүрсэн бөгөөд энэ онд 2.1 сая тонн хүргэх зорилт тавьжээ. Зэсийн экспортын 25 хувь нь Эрдэнэт үйлдвэрээс, 75 хувь нь Оюу толгойгоос гардаг байна. Зэсийн салбарт шинэ хөрөнгө оруулалт татах, 21 ордыг ашиглалтад оруулахын тулд Ашигт малтмалын тухай хууль болон АМНАТ-ийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна.
Төмрийн экспортын өсөлт төмөр замын ачих, тээвэрлэх хүчин чадалтай холбоотой байна. Одоогоор төмөр зам нийт ачааны 40 орчим хувийг ачдаг бөгөөд үлдсэн 60 гаруй хувийн ачаа эргэлтэд ороогүй байна. Монголын төмөр зам дээд хүчин чадалдаа хүрсэн тул шинэ төмөр зам, хос шугам барих шаардлагатай гэж сайд мэдэгдэв. Хэрэв шаардлагатай бол зорчигч тээврийг зогсоож, экспортыг дэмжих бодлого барина. Эдгээр арга хэмжээг эдийн засгийн идэвхжил, гадаад орчны нөхцөл байдлаас хамаарч хэрэгжүүлнэ.
