УИХ Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг баталлаа

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд зарим хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явагдаж байна. Тухайлбал, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийг баталлаа.
Энэхүү хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд зүйл, хэсэг, заалтыг нэг бүрчлэн хэлэлцэж, нэр томьёо, үг хэллэгийг ойлгоход хялбар, энгийн бөгөөд салаа утгагүй болгох, зарим үгийг тайлбарлах ажлыг хийжээ. Мөн гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнд хамаарах зохицуулалтыг нэмсэн байна.
Эсийн тухай тусгай зүйлийг дэлгэрэнгүй тусгаж, эд, эсийг хадгалах зориулалтын био банкны зохицуулалтыг шинээр томьёолсон байна. Амьд донорт тавигдах шаардлага, амьгүй донорыг илрүүлэх, бүртгэх асуудлыг олон улсын жишиг, зарчимд нийцүүлэхээр зохицуулжээ.
Хүний болон хүний эрхтний наймааны эсрэг Истанбулын тунхаглалын зарчмуудыг тусгаж, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцож буй эрүүл мэндийн байгууллагуудын хоорондын уялдаа, чиг үүргийг тодорхой болгосон 66 саналын томьёоллыг бэлтгэсэн байна.
