Үндэсний баялгийн сангийн хуримтлал нэмэгдэж иргэн бүрийн нэрийн дансны үлдэгдэл 500 мянган төгрөгт хүрнэ
2026-05-06 15:001min

Засгийн газрын шийдвэрээр Үндэсний баялгийн сангийн хуримтлал нэмэгдэж, иргэн бүрийн нэрийн дансны үлдэгдэл энэ оны сүүлээр 500 мянган төгрөгт хүрэхээр болжээ.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Үндэсний баялгийн сангийн хуримтлал нэмэгдсэн байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Цолмон мэдээлснээр, энэ оны сүүлээр иргэн бүрийн нэрийн дансны үлдэгдэл 500 мянган төгрөгт хүрэхээр байгаа аж.
Хуримтлалын санд 2025 онд уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашгаас 507.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Мөн сангийн хөрөнгө оруулалтын хүүгийн орлогоос 68.5 тэрбум төгрөг төвлөрүүлэх юм.
Эдгээр орлогыг Монгол Улсын иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд тэгш хуваарилан бүртгэж байгаа бөгөөд одоогоор нэрийн дансны хуримтлал 306.1 мянган төгрөгтэй байна.
